Их сургуулийнхаа 60 жилийн ойг угтан MХТС  “ICT EXPO – 2018” үзэсгэлэнд ШУТИС-ээ сурталчилж “ШИЛДЭГ ШИЙДЭЛ” номинациар шалгарч  оролцлоо.

Мэдээлэл Холбооны Технологийн салбарынхан  хуран чуулж, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон түмэнд нээлттэй тайлагнадаг ICT-EXPO 2018 үзэсгэлэн “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 2018 оны 9-р сарын 30, 10-р сарын 1, 2 өдрүүдэд Мишээл экспо төвд 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн үеэр “Digital finance” буюу цахим санхүү, “Digital Content” цахим контент, “Digital future” цахим ирээдүй, Дижитал  хэрэглэгч- Эрүүл мэнд  сэдвүүдээр  форум болж хэлэлцүүлэг хийгдсэн нь онцгой үйл явдал боллоо.  Энэхүү үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага, компани оролцсоны дотор ШУТИС –ийн 60 жилийн ойд зориулан Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль эрдэмтэн, багш судлаачдын эрдэм шинжилгээ, инновацийн бүтээл, оюутнуудын судалгааны ажил болон ICT салбарын хүний нөөцийг чанартай бэлтгэдгээ олон улсад баталгаажуулж ABET–аар магадлан итгэмжлэгдсэн, CDIO санаачлагыг  сургалтанд хэрэгжүүлсэн арга туршлагаа олон нийтэд таниулан сурталчилж амжилттай оролцов.  Үзэсгэлэнгийн  төв дэлгэц дээр ШУТИС-ийн танилцуулга видеог 15 минутын турш явуулсан нь сурталчилгааны том боломж байсан юм.

МХТС-ийн үзэсгэлэнгийн талбайд Микромауз, Хариултын хуудсаар тест засах систем биет бүтээл, SICT AR, Хүний нөөцийн тест, Ухаалаг анги аппликейшн,  “ICT news.mn” портал сайт, www.event.edu.mn вэб хөгжүүлэлт, Тооцооллын хүнд бодлогыг биоалгоритмаар шийдэх судалгааны үр дүн зэрэг 8 бүтээл, 12 мэргэжлийн сурах бичгийн танилцуулга сурталчилгаа, худалдаа хийгдсэн юм.   Эдгээрээс Мэдээллийн Технологийн салбарын залуу багш Г.Мөнхбатын SICT AR бүтээлээр ICT EXPO-2018-ийн ШИЛДЭГ ШИЙДЭЛ номинацийн эзнээр ШУТИС  МХТС тодорлоо.

Бүтээл бүтээгдэхүүн цаг хугацаа нөр их хөдөлмөр шаардсан ажил болохоор дараа жилийн үзэсгэлэн хол биш ойр байна даа. Дараа жилийн үзэсгэлэндээ бүтээлээр дүүрэн оролцохыг нийт багш оюутнууддаа уриалъя.

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ тавьж оролцсон багш судлаачид болон 3 өдрийн туршид сургуулиа сурталчилж ажилласан ажилтан, багш оюутнууддаа  талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Үзэсгэлэнгийн талбайн тохижилтыг сэтгэл ураа гаргаж, хурдан шалмаг хийсэн Ж.Эрдэнэбат, А.Баатарцогт, үйлчлэгч Л.Лхамсүрэн, Т.Оюунцэцэг нартаа талархал илэрхийлье. Мэдээж сургуулийн цагаан машины босс Л. Бавуудорждоо баярлалаа.

 

ICT EXPO 2018 үзэсгэлэнд оролцсон бүтээлүүд