ХОЛБООНЫ САЛБАРЫН БАГШ, АЖИЛТАН НАР

ЦАХИЛГААН ХОЛБОО, УТАСГҮЙ ХОЛБОО ХӨТӨЛБӨРИЙН

1-Р КУРСЫН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Уулзалтыг нээж Салбарын эрхлэгч З.Буянхишиг “Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” хөтөлбөрөөр сонгон суралцахаар элссэн оюутнуудад талархал дэвшүүлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч салбарын багш ажилтнуудыг танилцуулав.

Холбооны салбарын эрхлэгч З.Буянхишиг Оюутан амжилттай суралцахад сурах эрмэлзэл, зорилго тодорхой байх, хувийн зохион байгуулалт сайтай байх, мөн сурах арга барилын талаар оюутнуудад зөвлөмж өгөв.

Тус салбарын “Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” хөтөлбөрүүд нь 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-д төвтэй ABET олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн нь Монгол Улсад төдийгүй Азид ABET олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн анхны хөтөлбөр болсон юм. 2014 оноос эхлэн олон улсын инженерийн боловсролын CDIO стандарт арга зүйг энэхүү “Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж эхлээд байна. Үр дүнд суурилсан боловсролыг илүү зорьж байгаа учир манай сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр суралцахуйн үр дүнг чухалчилсан бөгөөд багш нар маань ч идэвхтэй сургалтын аргуудыг хичээлдээ түлхүү ашигладаг тухай танилцууллаа.

Дараа нь “Цахилгаан холбоо” хөтөлбөр хариуцсан дэд профессор Ш.Ганболд, Утасгүй холбоо хөтөлбөр хариуцсан ахлах багш Б.Ариунзаяа нар “Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” хөтөлбөрийг товч тодорхой сонирхолтой байдлаар танилцуулж оюутнуудтай харилцан ярилцлаа.

Профессор багш нар болон оюутнуудын уулзалт халуун дулаан уур амьсгалтай сайхан боллоо.

Мэдээлэл холбооны салбарт мэргэжилтэн болохоор тус хөтөлбөрийг сонгон элссэн оюутнуудад амжилттай суралцаж чадвартай инженер болохыг профессор багш нар зөвлөж, амжилт хүслээ.

Уулзалтын дараа шинээр элссэн оюутнуудад Холбооны салбарын лабораториудыг танилцуулав.