МХТС нь Баянзүрх дүүрэгт байрлах ба 1 ээлжиндээ 1300 гаруй оюутан хичээллэх багтаамж бүхий хичээлийн байр, мөн 250 гаруй оюутан амьдрах оюутны байртай. 2012 оны байдлаар мэргэжлийн 4 салбарт 8 профессорын баг, сургалт судалгааны 8 хүрээлэн, төв, гадаад хэлний тэнхим, сургалтын алба, санхүү, аж ахуй, оюутны байр, номын сан гэсэн үндсэн нэгжүүдтэйгээр Монгол улсын мэдээлэл холбооны технологийн чиглэлийн чадварлаг мэргэжилтэн хүчинг бэлтгэх чухал бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. Манай хамт олон бол найрсаг дотно, байгууллагын дотоод ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажилладаг.

Утасгүй холбооны салбар

Утасгүй(Радио) холбооны салбар нь 1967 онд 25 оюутантайгаар анхны элсэлт авч МУИС-ын Энерги механикийн факультетийн бүрэлдэхүүнд байгуулагдсан. 1967-1968 онд суурь мэдлэгийн онолын сургалт явагдаж байгаад 1969 оны 2-р сараас мэргэжлийн сургалт эхэлсэн. 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим байгуулагдаж анхны тэнхимийн эрхлэгчээр холбооны яамны орлогч сайд Д. Гарам-Очир, дараа нь тэнхимийн эрхлэгчээр д/д Ж.Чулуунхүү агсан, док. Б. Сүхбаатар, д/д Ц.Болд, доктор (PhD), дэд.проф Б.Отгонбаяр нар ажиллаж байв. 1971 онд Радио холбооны тэнхим байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 30 шахам жилийн турш сургалт эрдэм шинжилгээний ажил явуулж 800 гаруй инженер бэлтгэн гаргасан анхны ууган салбар юм. Одоогоор тус салбар нь Утасгүй холбоо, Телевизийн техник технологи мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.

Утасгүй холбоо, Өргөн нэвтрүүлгийн технологийн профессорын баг

Цахилгаан холбооны салбар

Цахилгаан холбооны инженерийн сургалт 1967 оноос МУИС-ийн радио холбооны тэнхимийн бүрэлдэхүүнд, цахилгаан холбооны техникч болон АТС-ийн техникчийн сургалт Холбооны Сургалтын Төвийн цахилгаан холбооны салбарын бүрэлдэхүүнд тус тус явагдаж ирсэн юм. 1991 онд Мэдээллийн Техникийн сургууль байгуулагдснаар ТИС-ийн ректорын тушаалаар цахилгаан холбооны бие даасан салбар байгуулагдсан. Одоогоор тус салбар нь Холбооны сүлжээ холболтын технологи, Оптик холбоо мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.

Холбооны сүлжээ, Холболтын технологийн профессорын баг

Мэдээллийн технологийн салбар

Мэдээллийн технологийн салбар нь 1991 оны 2-р сарын 1-нд Мэдээллийн Техникийн Сургуулийн харъяанд байгуулагдсан. Тус салбар нь Мэдээллийн технологич мэргэжилтэй бакалаврын болон магистрын зэрэгтэй инженер бэлтгэдэг. Эдгээр мэргэжилтнүүд нь програмчлалын алгоритм, хэлний төрлүүд, өгөгдлийн сан, бүтэц, холбоо, мэдээллийн сүлжээ, болон системийн програмын ерөнхий мэдлэгтэй байхаас гадна орчин үеийн холбооны техник, төхөөрөмжүүд болон системийг програмчлан удирдах дадал чадвартай болдог. Мэдээллийн технологийн салбар нь өнөөгийн монгол орны холбоо, мэдээллийн технологийн салбарт нэн шаардлагатай байгаа инженер, техникийн болон судалгаа шинжилгээний мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэхэд нэн тэргүүний голлох үүрэг гүйцэтгэж байна. Тус салбар нь Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Мэдээллийн системийн автоматжуулалт, Харилцаа холбооны менежмент, Шуудан холбоо мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.

Мэдээллийн технологийн профессорын баг
Мэдээллийн сүлжээний профессорын баг
Мэдээлэл, Холбооны удирдлага, Эдийн засгийн профессорын баг

Электрон техникийн салбар

1991 оны 2 сарын 1-нд электроникийн салбар байгуулагдсан. Тус салбар нь мэдээлэл, хэмжлийн электроник мэргэжилтэй бакалавр, магистр болон докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшилд мэдээллийн техникийг хөгжүүлэх асуудал шийдвэрлэх үүрэгтэй байгаа өнөө үед тус сургуулийн электрон техникийн салбарын гүйцэтгэх үүрэг их юм. Электрон техникийн салбарын бэлтгэн гаргаж буй мэдээлэл хэмжлийн электроник мэргэжилтэй төгсөгчид нь харилцаа холбоо, мэдээллийн техник, технологи, электрон тоног төхөөрөмж бүхий албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газарт мэргэжлийн дагуу ажиллаж байна. Тус салбар нь Мэдээлэл хэмжлийн электроник, Электрон систем мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.

Электрон техникийн профессорын баг
Тоон дохио боловсруулалт, микропроцессорын профессорын баг

Гадаад хэлний тэнхим

1996 оны 1-р сард ТИС-ийн бүрэлдэхүүн Холбоо Мэдээллийн Техникийн Сургууль дээр ТИС-ийн гадаад хэлний төвийн салбар сектор байгуулагдсан ба 2008 оноос тэнхим болж өргөжсөн. Сургалтын хувьд тус тэнхим нь ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд харьяалагддаг бөгөөд сургалтын нэгдсэн агуулга, хөтөлбөрийн дагуу хичээлүүдийн календарчилсан төлөвлөгөө, явцын график, оюутны мэдлэгийг дүгнэх журмыг тэнхмийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн хэрэгжүүлж, орос ба англи хэлийг зааж байна. Гадаад хэлний хичээлийг оюутнуудад эзэмшиж буй мэргэжлийн шаардлагатай нийцүүлэн заадаг бөгөөд оюутнуудын гадаад хэл сурах сонирхолыг улам идэвхжүүлэхийн тулд олимпиад тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Мөн биеийн тамирын багш тус тэнхимд харъяалагдаж сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Сургалтын алба

1999 оноос ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүрд сургалтын ажлыг хариуцсан сургалтын албыг байгуулсан. Энэхүү алба нь оюутны сургалтын үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг бүртгэх, хянах, зохицуулах үүрэгтэй. Мөн номын сангийн үйл ажиллагааг сургалтын алба хариуцан явуулдаг.

Номын сан

Тус номын сан нь сургуулийн болон номын сангийн дотоод журам, удирдамжийг ажилдаа мөрдлөг болгон ажиллаж уншигчдаа мэдээлэл арга зүйн нээлттэй үйлчилгээ үзүүлэх, оюутны сургалтын үйл ажиллагааг дэмжин, түшиц газар нь болон ажиллах эрхэм зорилготой ажиллаж байна. Номын фонд 13 мянган нэрийн 32500 номтой. Фондын бүх ном электрон каталогт бүртгэгдсэн. 6400 цахим номтой. Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжлийн гадаад, дотоодын 23 нэрийн сэтгүүл захиалдаг ба 20 нэрийн цахим сэтгүүл ашиглагдаж байна. Судалгааны орчинд EBSCO, Springer Link зэрэг 15 онлайн судалгааны сантай.

Аж ахуй

Сургалтын төв хүрээлэнгүүд